Thursday, January 27, 2011

Нийт монголоороо архинаас татгалзацгаая!

Минж Боржигон Батсайханы Баттөгсөөс та бүхний сонорт
Монгол ахан дүүс минь архинаас улс үндэстнээрээ татгалзацгаая.
Бидний ирээдүй лонхон дотор дарлагдах ёсгүй



Хаврын хавсарга тавьсан нэгэн өдөр
Хайрандаа  шатаж аз жаргалтай явахад минь
Гэнэт нэгэн хүн ард минь ханиалгаж
Гундуухан дуугаар намайг ийнхүү дуудав
Хөөе дүү минь намайг сонс
Хэлэх үг ахад нь байна
Танихгүй ч гэсэн түр хүлээ
Тавхан үг солих хэрэгтэй байна
Намайг дүү минь гаднаас минь дүгнэж
Нүдэндээ битгий өрөвдөөрэй
Одоо л ийм болсон болохоос
Од шиг мандаж явсан үе ахад нь байсан юм шүү
Эгэл хүмүүний адилаар эхнэр хүүхэдтэй
Эрхэлсэн ажилтай, эзэмшил хөрөнгөтэй явлаа
Танил нөхөдтэй, том тушаалтай
Унах унаатай, унтах нууц амрагтай ч явлаа
Цэл залуухан хонгор насандаа
Цэнгэж наргиж явлаа ах чинь
Цэцэг шиг хүүхэнд дурлачихаад
Цалгиж асгаж үрж явлаа
Хил дамнасан бизнестэй
Хотын төвд байртай
Хойгуур урдуураа арын хаалгатай
Хоёр гурван байртай явлаа
Орох оронтой оочих аягатай
Олны дунд нэр хүндтэй
Орон нутгийн сонгуульд ч нэр дэвшиж явлаа муу ах чинь
Өвгөн чингисийн зурагтай мөнгө өвөр түрүйнээс нь ухаад
Өвөртөлж хонох хүүхнээ өөрийн нүдээр сонгож шилж явлаа би
Хөгшин намайг дүү минь худал ярьж байна гэж битгий бодоорой


Үнэн шүү дүү минь унэхээр ах нь тийм л явсан юм даа
Үнэ ихтэй ресторанд үдийн хоолны захиалгатай
Өндөр зэрэглэлийн бааранд өдөржин шөнөжин наргиастай
Надаас илүү хүндтэй хүн найз нар дундаа байсангүй
Найрын ширээний ард над шиг эрхэм хүн бас байсангүй
Бурхан мэт хүндлэгдсэн үедээ буруу зөвөө ялгахаа больсон юмаа ах нь
Өөрийн хайртай ёсолж авсан хань ижлээсээ
Өнгатэй хүүхнээр хүртэл би сольж явсан юм
Чин үнэнч найз нарын үг чихэнд чийртэй сонсогдоод
Зусарч бялдуучын магтаалын үг зөв бөгөөд чимэгтэй бодогдоод л
Уруудаж яваагаа хааяа мэдрэвч
Уусан үедээ баярхаж томроод л
Баруун солгойгүй мөнгө төгрөгийг багц багцаар нь цацаад л явж байлаа
Хүний хувь заяа худгийн ус хоёрыг
Хэмжээ хязгаартай байдаг гэдгийг хөөрхий ах нь даанч ойлгоогүй явсан юм даа
Дэндүү тансаг амьдрахад дэргэдээс холдоогүй бүхэн
Дордож ганцаардаж явахад дээрээс шүлсээ хаяхыг үзэж  байна аа өнөөдөр
Бор дарсанд бие сэтгэлээрээ орж, байдаг бүх хөрөнгөө зарж үрж дуусгаж
Ааш зан минь хүртэл араатан адгуус шиг болж хувирсан
Ах дүү минь хүртэл зайгаа авч
Авгай хүүхэд минь хүртэл хаян одож
Баян тансаг явахад хачиг шиг наалдсан нөхөд
Барааг минь хараад зугатаахыг өнөөдөр үзлээ
Өөрөө ч мэдэлгүй архи ууж өдөр хоногийг өнгөрөөж
Өнгөтэй явсан үе минь зүүд шиг санагдаж
Өглөө болгон согтуу сэрж явна даа ах нь
Даанч ойлгоогүй амьдралын тавиланг
Дэндүү хожим ухаарч байна даа
Дүү минь чи битгий гайхаж айгаарай
Дэлхийгээс ах нь удахгүй явна
Таван өрөө байрандаа тансаг амьдарч явсан ах чинь
Төв захын хажуу талын траншейнд тарвага шиг амьдарч байна
Арабын шарга шиг амьдарч явсан ах чинь
Адгийн гуйлгачин болоод л архичин нэртэй явна
Ай даа дүү минь чамд захихад архинаас л холхон яваарай
Савнаасаа бусдыг дийлдэг нь сархад ундааны чадал
Сайнаасаа эхэлж холддог нь архичин хүний араншин л юм байна даа
Ээ дээ дүү минь чамд захихад эмэгтэй хүнийг сонгож үерхээрэй
Цэнгэл жаргал задгайран завхайрвал
Цэцэн хүн ч тэнэг болдог юм байна лээ шүү
Эхүүн үнэртэй сархад ундаа, эмэгтэй хүний хүсэл тачаалд
Ухаан бодол бие эрхтнээ уургалуулан алдвал дүү минь чи болохгүй шүү
Уршиг хор хөнөөлийг нь ухаарч ойлгоход бэрх болдог юмаа
Баян тансаг амьдрал чинь балчиг намагт шигдэж магадгүй юм шүү дүү минь
Залуу хонгор дүү минь зэргийн нөхдөө зөв сонгооройдоо
Дэнгийн гэрэлд шавсан эрвээхэй шиг
Дэндүү сайхан нөхөд ахад нь байсан юм шүү
Нарт ертөнцөд эр хүнд нөхөд гэдэг хэрэгтэй ч
Архины талд суусан ашигтай чиний хөрөнгийг хардаг нөхөд олон байдаг шүү
Мөнгөтэй хөрөнгөтэй явахад минь мөрнөөс минь зүүгдсэн нөхөд
Уруудаж дордоод ирэхлээр минь урахаас наахнуур харьцахыг үзлээ би
Эрхэм дүү минь чамд захихад эхүүн үнэртэй сархад ундаа
Энгэсэн түрхсэн сайхан хүүхэн эгнэгт нөхөрлөх анд найз нарынхаа
Хэмжээ дозыг нь тааруулж уугаарай даа
Хүн чанарыг нь шалгаж дотносоорой доо чи
Хэн бэ гэдгийг нь таниж мэдээд нөхөрлөөрэй
Хэрэг болж юуны магад амьдралд чинь
Алтан цагийг чинь хороож айлтгал хайрласанд өршөөгөөрэй
Ах нь чамайг хүү шигээ санаж алдаж гишгичих вий гэсэндээ хэлсэн юм шүү
Үнэтэй цагийг чинь хугаслаж үглэж сургасанд уучлаарай
Үнэн ховордсон энэ цагт үрдээ хэлж чадаагүй бүхнээ чамд хэллээ ах нь
Хөөрхий муу хүү минь хаана явдаг юм болдоо
Хэдэн жилийн л өмнө хамгийн сүүлд харсан
Эрхэм дүү минь ахаасаа бүү сэжиглээрэй
Эрлэгийн оронд морилох цаг минь ойртож байна
Элэг зүрх минь архины хоронд нэвчиж
Энэ бие минь өдөр ирэх тусам муудаж байна
Намайг сонссонд баярлалаа дүү минь
Нарийхан зам дээр чамтай би таарсан ч
Цааш гэж намайг түлхэлгүй цаг гаргаж сонссонд талархлаа дүү минь
Адгийн архичин гэж намайг ад үзэн гадуурхалгүй
Амны өмхийд нь гуталгүй анзаарч сонссонд баярлалаа
Дотроо тээж явсан бүх зүйлээ дэлгэж хэн нэгэн ярихыг хүсэж явсан юмаа би
Санаандгүй нэгэн учралаар сажилж яваад дүү чамтай таарчихлаа
Хэлсэн бүх зүйл дотроос минь хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз дээ
Хир дааги болсон муу архичин намайг хүн гэж үзсэнд үнэхээр ах нь баярлалаа
Бие минь өвдөөд болдоггүй балга архи авч уух гэсэн юм
Боломжтой бол дүү минь мөнгө өгч баярлуулж хайрлаач ахыгаа
Үг хэлснийхээ хариуд үнэ нэхсэн юм биш шүү
Үнэхээр ах нь уухгүй бол үхэх гээд болдоггүй ээ
Ганц л юм аваад уучихвал ганц өдөр ч болтугай зовлонгоо мартах гээд байна
Хэрвээ архи л уухгуй бол хамаг бие өвдөөд хэцүү байна

Минж боржигон Батсайханы Баттөгсөөс та бүхний сонорт

Нар шиг бүсгүйг дотроо бодож
Нарантуулын хажуу явган хүний зам дээр санаандгүй алхаж явахад минь
Согтуу архичин энэ хүнтэй таарсан юм би
Эхүүн үнэр танарт нь огиудас хүрч
Эхэндээ сэжиглэж байснаа би нуухгүй ээ
Ярьсан зүйлийг нь сонсох хоромд
Яваад өгч чадаагүй л юм даа би
Ходоод минь хичнээн өлсөж байсан ч
Хөөрхий би тэр хүнийг учиргүй өрөвдөж
Байсан мөнгөө шавхаж өгчихөөд
Баярлаад нүдэнд нь нулимс хуралдаж байхыг би харсан юм
Халаас руугаа гараа хийхэд минь хүүхэд шиг горьдож байсан юм
Дотор засах ганц юм авч өгөхөд минь
Дүү минь гэж гараас минь атгаж талархсан юм
Адгийн архичин ч гэсэн энэ хүний аминчилж хэлсэн үгэнд
Амьдралын үнэн байсан юм шүү
Архины мөнгө авах гэсэн санаа харин байгаагүй байсан юм шүү
Хэд хоногийн дараа би гэртээ 20 цагийн телевизийн мэдээгээр
Санаандгүй бөгөөд цочирдмоор сэртхийсэн мэдээг би сонссон юм
Мэдээний нэвтрүүлэгч хэлэхдээ муу бүхнийг хэлж сурсан ёсоороо
Нэр ус нь ул мэдэгдэх цогцос нарантуулын хажуу талаас олдлоо
Манай цагдаагийн байгууллага шалгаж байна
Муу нийгмийн шаар нэгээр хорогдлоо
Дээрх хүнийг таних хүн доорхи утсаар холбоо барихыг хүсье
Ямартаа ч энэ хүнийг таних хүн яаралтай цагдаагийн 102 -т мэдэгдэж хандахыг хүсээд
Дэлгэцэнд тэр хүний зургийг үзүүлэхэд
Дээрээс нь доош сайн ажиглаж харвал
Гудамжинд надтай ярилцаж байсан
Гутранги үзэлтэй  тэр хүн байсан юм
Ураг садан биш ч гэсэн миний сэтгэл
Учиргүй ихээр харамссан юм даа энэ хүний өмнөөс
Яагаад ч юм бүү мэддээ ямартаа ч тэр хүн надад
Ядарч гундаж зовж яваагаа явган хүний зам дээр бүтэн цаг хүүрнэсэн юм
Хөөрхий тэр хүний хамгийн сүүлчийн үгийг
Муугаар зөгнөхөд би сонссон ч юм байлгүй дээ
Хүн хүнээсээ айсан энэ нийгэмд хүндэлж би тэр хүний үгийг сонссон юм
Хамаатан садан биш ч гэлээ хамгийн гол нь монгол  хүн байсан юм
Царай зүсийг нь ганц харсан тэр хүнийг сураглаж
Цагдаагийн газар өөрийн гараар өргөдөл бичиж
Цогцос хүүрийг нь шүүх эмнэлгээс авч
Цагаан давааны энгэрт хүн ёсоор оршуулсан юм даа би
Аль нэг газар ийм хүнтэй тааралдвал
Ам хамраа дарж битгий маяглаарай
Архичин гуйлгачин ч гэсэн тэр хүмүүс чинь
Адилхан монгол л хүн шүү дээ
Нийгэмдээ бухимдсан сэхээтэн
Нанчдад живдэг нь хууль болсон хорвоо
Аргаа барсан зарим нь архинд хөвдөг нь тавилан юм байлгүй
Улс орон минь уруудаад Улаанбаатар минь бүрзийгээд
Ухаангүй архичин хэвтээд уршигт зовлон нүүрлээд
Архичин гуйлгачин гэгдэх нөхөд дунд
Авъястай чадалтай нь олон байна
Эх орноо хөгжүүлж явсан эрдэмтэн мэргэд ч олон байна
Нийгмийн давалгаанд сэлүүрээ алдсан най байхгүй арчаагүй төрхтөн ч байна
Насаараа улс нийгэмдээ хөдөлмөрлөөд
Найдаж төрөөсөө одон горьдоод өгөхгүй болохоор нь архинд орсон нэгэн ч байна
Орон монголын минь олон архичидаас орос архичинг олж би харсангүй
Хамаг монголын минь нийт архичидаас хятад архичинг  би олж харсангүй
Монгол улс минь уугаад л мөлхөж босож хэвтээд л
Бөөлжиж шартаж огиод л бүрхэг байна даа эх орон минь
Уусан архиных нь үр дүнд ухаан хагас хүнэнцэрүүд төрж
Усан хээл дотроо ураг нь согтоод удам хойч минь гаслантай байна даа ард түмэн минь
Нийгмийнхээ завхралыг арилгахгүй байж нийтээрээ архичинтай тэмцээд яах вэ
Харсаар байгаад дасал болсон энэ үзэгдэл  хамаг орныг минь чимээгүй устгах болж дээ
Халуун сэтгэлт амраг хань, алд биеийг чинь, хамаатан садан ах дүү төрөл саданг чинь
Хавь ойрын танил нөхөд найз нарыг чинь, хамаг орон улсыг минь харсаар байтал нэрвэж байна
Элдэв чадлыг өөртөө агуулсан сархад ундаа нь Эмэгтэй хүнийг шулмас болгодог шидтэй
Эр хүнийг чөтгөр болгодог увидастай эх орныг минь нурам болгодог чадалтай гэнэ
Архи хэдий муу нэртэй ч идээний дээж гэж хүндэлсээр
Амсаж үзээд асгаж өгөөд нэг мэдэхэд архичин болно
Ажил бүтээд баярлаж талархаж нэгэндээ барьсаар
Адаг сүүлд нь муу муугаараа элдэвлэх хүмүүн төрөлхтөн минь хөөрхий
Хар архины лонхон дотор хамаг улс минь бүү ороосой
Молор жүнзтэй архин дотор монгол минь чи бүү живээсэй
Танил дотно биш ч талийгаач агсаны хэлсэн үгийг
Таны сонорт хичээн чармайж хүргэхийг зорьлоо
Хүн шиг яваад нохой шиг үхсэн тэр хүний үгийг
Хундага харшуулан инээлдэн наргих эрхэм хүн танд зориулав
Үхэх хүний үгийг сонсдог өвгөдийнхөө заншлаар
Үнсэж зэмлэж өсгөсөн аав ээжийнхээ хүмүүжлээр
Яруу тансаг биш ч яруу найргийнхаа онгодоор
Ядруухан хүний хатуухан үгийг чадан ядан эвлүүлвээ би